Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
November 1, 2024МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ
ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2024
Монголын физикиийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд МУИС дээр болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлыг МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, Ерөнхий физикийн тэнхимийн эрхлэгч асан, МУИС-ийн Хүндэт профессор, нэрт эрдэмтэн М.Лувсандоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан болно. Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, МУИС-ийн Физикийн тэнхим, ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэн, ШУТИС-ийн Физикийн тэнхим , МУБИС-ийн Физикийн тэнхим, МУИС-ийн ЦФСТ зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
Энэхүү хурлын зорилго нь физикчид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа, шилдэг бүтээлүүдээ харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр илүү их ололт ажилтанд хүрэх боломжтой.
Хурлыг нээж Монголын физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Проф.Ц.Баатарчулуун үг хэлсэн бол МУГБ М.Ганбат, профессор Ж.Ванчинхүү нар “Профессор М.Лувсандорж – 100 жил” хүндэтгэлийн илтгэл тавьж, МУАБ, профессор Г.Шилагарди, академич Х.Намсрай, профессор Д.Улам-Оргих, М.Лувсандоржийн хүү Л.Ганбат нар М.Лувсандорж багшийн талаарх дурсамжаа хуваалцаж үг хэлэв.
Хурлын үеэр МУИС-ийн ректорын тушаалаар Физикийн тэнхимийн “Оптикийн лаборатори”-г МУИС-ийн Хүндэт профессор М.Лувсандоржийн нэрэмжит болгох нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр болж өндөрлөв.
Нээлтийн ажиллагаанд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан захирал, профессор Ц.Баатарчулуун болон МУИС-ийн Физикийн тэнхим, бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, профессор багш, оюутнууд оролцов.
Энэ удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурал нь Хүндэтгэлийн хэсгээс гадна Физикийн шинжлэх ухаан болон Физик боловсролын асуудлуудыг хөндсөн 5 салбар хуралдааны хүрээнд эрдэмтэн судлаач, профессор багш судлаачийн шинэлэг санаа дэвшүүлсэн 25 аман илтгэл, 18 ханын илтгэл, нийт 43 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн эрдэмтэн судлаачид, физик сонирхогчдын төлөөлөл болох нийт 100 гаруй оролцогч бүртгүүлсэн байна.
Тус хуралд хэлэлцүүлсэн зарим эрдэм шинжилгээний бүтээлийг МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүл (https://journal.num.edu.mn/physics )-д МУИС-ийн ШУС-ийн БУС-ийн дэмжлэгтэйгээр эмхэтгэн гаргасан болно.
Энэхүү хуралд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу манай орны эрдэмтэн судлаачид төдийгүй, улс төр, нийгмийн халуун сэдэв болон хэлэлцэгдэж байгаа газрын ховор элементийн талаар “Газрын ховор элемент – Өндөр технологийн түүхий эд” болох нь сэдэвт тойм илтгэлийг хэлэлцүүлж газрын ховор элементийн хэрэглээ болон Монгол улсын газрын ховор элементийн нөөц, түүний талаах хийгдсэн судалгаа, түүний талаарх эрх зүйн баримт бичгийн талаар нэгдсэн мэдээллийг өгөв.
Тус хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн, ШУТИС-ийн Физикийн тэнхим, Монгол улсын физикийн олимпиадын хороо болон физикч, радио-электроникч Г.Жаргалсайхан агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж оролцов.
Эрдэм шинжилгээний илтгэлүүдээс ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Болормаа “Суперконденсаторт ашиглах композит нэгдлийн судалгааны үр дүн” сэдэвт илтгэлээр МФН-ийн 2024 оны “Шилдэг илтгэл”, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мөнхсайхан “Monte Carlo calculations of the HPGe detector efficiency” сэдэвт илтгэлээр МФН-ийн 2024 оны “Шилдэг ханын илтгэл” -ээр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд радио-электроникч, физикч Г.Жаргалсайхан агсны үр хүүхдүүд болох Ж.Одончимэг, Ж.Эрдэнэчимэг нар шилдэг илтгэл тус бүрийг дурсгалын зүйл, 1.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.
Мөн Ж.Одончимэг, Ж.Эрдэнэчимэг нарын зүгээс Монголын физикийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч, академич Х.Намсрай, анхны нарийн бичгийн дарга, профессор Ш.Чадраабал нарыг Монголын физикийн нийгэмлэгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагналаа.
Мөн радио-электроникч, физикч Г.Жаргалсайхан агсны хамтран зүтгэгч ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн радио-электроникийн салбарын ахмад ажилтан доктор н.Начинд Ж.Одончимэг, Ж.Эрдэнэчимэг нар хүндэтгэл үзүүлэв.
Зохион байгуулах хороо