Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021
November 23, 2021
ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021
November 23, 2021

Жил бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ -ийн эрдэм шинжилгээний хурлыг ШУА – ийн Физик, технологийн хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойд зориулан 11 дүгээр сарын 18 -19 өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж ШУА -ийн Физик, Технологийн Хүрээлэнгийн захирал, Монголын Физикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Ж.Даваасамбуу, ШУА -ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид нар үг хэлж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр илүү их ололт ажилтанд хүрэх боломжтой.

Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар “Монголын физикийн шинжлэх ухааны хөгжил” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавив.

Тус хуралд ШУА -ийн ФТХ, МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС , Ховдын Их Сургууль зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн эрдэмтэн багш, судлаачид болон тэдний хамтран ажилладаг АНУ, ОХУ, Франц, Канад, БНСУ, БНХАУ, ХБНГУ зэрэг орны эрдэмтдийн 60 орчим илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Энэ удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурал нь Физикийн шинжлэх ухаан болон Физик боловсролын асуудлуудыг хөндсөн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн шинэлэг санаа дэвшүүлсэн илтгэлүүд бүхий лазерын физик, онолын болон их энергийн физик, материал судлал, биофизик гэсэн салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж, хуралд аман болон ханын хэлэлцүүлсэн болно. Энэ жилийн хурлын онцлог нь гадаадын эрдэмтэн судлаачдаас гадна Монгол улсаас гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдарч байгаа физикч эрдэмтэд олноор оролцсон явдал байлаа.

Хуралд АНУ-ын Миссиссипийн улсын их сургуулийн багш, профессор Г. Ариунболд, БНСУ -ын Инчеоны Их сургуулийн профессор Д. Одхүү, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Онолын физикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Ганболд, АНУ -ын Тэнгисийн цэргийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Баттогтох, АНУ -ын Теннесси мужийн Ок-Риджийн Үндэсний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Одбадрах, Канад улсын МкГилл их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн профессор Ц. Гантөмөр нар урилгаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хуралд манай олон залуу судлаачид, залуу докторууд илтгэл тавин хэлэлцүүлснээс ОХУ -ын Дубна дахь ЦШНИ -ийн Нейтроны физикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант А.Бадмаарагийн “Mechanical properties investigation on sandstone sample using neutron TOF diffraction method”, Хэмжил зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн докторант Д.Өнөрбилэгийн “Construction of a mirror-dispersion-controlled Kerr lens Mode locked Ti:sapphire laser Oscillator” сэдэвт илтгэлүүд эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр шалгарч, Монголын Физикийн Нийгэмлэгийн “Шилдэг илтгэл” -ийн шагналыг гардан авсан юм.

Зохион байгуулах хороо